Итгэмжлэл, нотариат

2023-04-13


Итгэмжлэл, нотариат

Итгэмжлэлийг цахимаар үйлдэхийн тулд

1. Бүртгэл үүсгэх линк https://consul.notary.mn/register руу нэвтэрч өөрийн нэр дээр шинэ хаяг нээж бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд e-mail хаягтай байх шаардлагатай. Гар утас, таблетнаас бүртгүүлэх, итгэмжлэл үйлдэх бүрэн боломжтой.

2. Нэвтрэх линк  https://consul.notary.mn/login бүртгүүлсэн e-mail буюу цахим шууданд ирсэн нэвтрэх нэр, нууц үгээр нэвтэрч орох.  

3. Видео заавар “Land Of Opportunity” Консулын цаг:Цахим нотариат гэж юу вэ? - YouTube

 Анхаарах зүйлс:

- Бүртгэл үүсгэхдээ e-mail цахим шуудангаа алдаагүй зөв бичих зөрүүтэй, буруу бүртгүүлвэл нэвтрэх нэр, нууц үг ирэхгүй байгааг анхаарна уу. 

- Төлөөлөгч Японд оршин суугаа хаягаа монгол үсгээр "криллээр" галиглаж бичих.

- Итгэмжлэлийн хүчинтэй хугацаа 1 сараас 3 жил хүртэл байна. 

- 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг, эх нь төлөөлж бичих бөгөөд хүүхдийн овог, нэр, регистрийг итгэмжлэлээр олгож буй бүрэн эрхийн сонголтуудаас "Бусад" гэдэг ангилал сонгоод шинэ талбарт нэмж бичих. Хүүхдийн мэдээллийг Төлөөлүүлэгч хэсэгт бичихгүй. 

- Итгэмжлэлийн бүх үйлдлийг бөглөж дуусаад "ХАДГАЛАХ" дарах, түүний дараа "ХЯНУУЛАХ" товчийг дарж ЕКГ-т хянуулахаар илгээнэ. 

-ЕКГ-аас "QR код"-той зөвшөөрсөн хувилбар таны нотариатын хаягт "МИНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ" цэсэнд очсоны дараа "QR код"-той итгэмжлэлийг "ХЭВЛЭЖ" гарын үсэг зурах, өөрийн биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар, төлбөрын баримтын хамт хэвлэж авч ирэх.

Жич: Итгэмжлэл буцаагдсан төлөвт шилжсэн тухай майл ирвэл "Миний үйлчилгээ"-рүүгээ дахин орж "Засах" үйлдэл хийн дахин "Хянуулах" дарж ирүүлэх. 

- Илгээгч итгэмжлэлийн зүүн доод булан дахь “QR код” үсгэн кодыг хүлээн авагчдаа илгээх бөгөөд Монголд нотариатч уг кодоор итгэмжлэлийг хүлээн авагчид олгоно. Итгэмжлэлийг Монгол Улсад хүлээн авагч өөрт ойр байрлах нотариатчаас хүлээн авна.

-  Итгэмжлэлийг ЕКГ-т хүлээн авсан өдрөөс хойш ажлын 1 өдрийн дотор баталгаажуулж, нотариатын системд оруулдаг. Иргэд итгэмжлэлээ хүлээлгэн өгсөн өдрийн дараагийн өдрөөс эхлэн Монголд нотариатаас хүлээн авах боломжтой. 

Гадаадын иргэд итгэмжлэлээ хавсралт дахь маягтын дагуу тухайн улсын эх хэл болон монгол хэл дээр давхар бичиж  ЕКГ-т өөрийн биеэр ирж гарын үсэг зурснаар Монголд нотариатаас авах боломжтой.

Хавсаргах материал:

  • Өөрийн болон хүлээн авах хүний биеийн байцаалт буюу иргэний үнэмлэх /эсвэл гадаад паспорт/-ийн хуулбар,
  • 18 нас хүрээгүй хүүхдийн өмнөөс эцэг/эх нь төлөөлж итгэмжлэл бичихэд хүүхдийн овог, нэр регистрийг агуулга дотор нь заавал тусгах "Бусад" гэдэг ангилал сонгож нэмэлт талбарт бичих, төрсний гэрчилгээ хэвлэж авч ирэх.
  • Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой итгэмжлэл гэрчлүүлэх бол үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Итгэмжлэл, нотариатын төлбөр,  төлбөрын баримтны эх хувь, гар утсаар төлсөн бол төлбөр төлсөн баримтны хуулбар хэвлэж авч ирэх.

Жич: Доорх төрлийн итгэмжлэлийг иргэн заавал өөрийн биеэр Осака дахь ЕКГ эсвэл Токио дахь ЭСЯ -нд  ирж хийлгэнэ. 

1. Байр, орон сууц, хашаа байшин, газар "худалдах, арилжих, нэр шилжүүлэх" тохиолдолд

2.Хадгаламж захиран зарцуулах, данснаас "гүйлгээ хийх, зарлага гаргах, зарцуулах" тохиолдолд

3. Гарын үсгийн баталгаа, Өвлөх эрхтэй холбоотой өргөдөл зэрэг болно. 

Итгэмжлэлийн үйлчилгээ авахдаа биеийн байцаалтаа "ХЭВЛЭЖ" ирэх мөн "ТӨЛБӨР ТӨЛСӨН БАРИМТ"-ны эх хувь, гар утсаар шилжүүлсэн бол баримтны хуулбарыг хэвлэж ирэх. Шуудангаар үйлчилгээ авч буй бол дугтуйндаа материалаа бүрэн гүйцэт хэвлэж ирүүлэх, биеийн байцаалтаа хэвлэж хавсаргаагүй, төлбөрийн баримт хамт ирүүлээгүй тохиолдолд итгэмжлэл явахгүй.

Холбоос 

-  ХҮҮХДИЙГ МОНГОЛ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ