Эрхэм хүндэт Таны амар амгаланг айлтгаж, Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа ЕКГ-ын цахим хуудсанд зочилж буй Танд энэ өдрийн мэнд дэвшүүлье
2026-08-03
Миний бие 2026 оны 8 дугаар сарын 3-ны өдрөөс Монгол Улсаас Япон Улсын Осака хотноо суух Ерөнхий консулын үүрэгт ажилдаа ороод байна.
Монгол Улсын ”гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ.
Эрх чөлөө, ардчилал, хуульт ёсыг дээдлэх нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа эдүгээ “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд шат ахин өргөжин бэхжиж байна. Талууд бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн үндэс суурь нь “хүн” хэмээж, хоёр орны ард түмэн хоорондын солилцоог дэмжин, харилцан ойлголцлоо үргэлжлүүлэн гүнзгийрүүлэх, бүс нутаг, олон улсын хамтын нийгэмлэгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг бий болгохын төлөө хувь нэмэр оруулж идэвхтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа ЕКГ нь 2012 онд байгуулагдсан бөгөөд манай тойрогт Баруун Японы Осака, Киото, Нара, Вакаяма, Шига, Миэ, Хёого, Кагава, Токүшима, Кочи, Эхимэ, Тоттори, Шиманэ, Окаяма, Хирошима, Ямагүчи мужууд хамрагдаж байна.
Ерөнхий консулын газрын эрхэм зорилго нь Баруун Японы бүс нутагт сурч, ажиллаж, амьдарч буй болон зорчин яваа иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, иргэдийнхээ үүсгэн байгуулсан холбоо, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахын сацуу Монголын соёл, урлаг, зан заншлыг сурталчлах, бүс, орон нутаг хоорондын харилцааг хөгжүүлэх, иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг улам бүр бэхжүүлэх, худалдаа, эдийн засгийн харилцааг тэлэх, хөрөнгө оруулалтыг татах чиглэлд идэвх санаачилгатай ажиллах юм.
Ерөнхий консул миний бие манай хоёр орны ард түмний эрх ашиг, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийн төлөөх энэхүү эрхэм түншлэлийг улам бүр гүнзгийрүүлэхийн төлөө хичээл зүтгэл гарган ажиллах болно.
Манай цахим хуудсаар зочилсон Танд талархал илэрхийлэхийн ялдамд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙ КОНСУЛ АЛЗАХГҮЙН ДЭЛГЭРМАА