Монгол Улс Япон Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа
2023-04-14
Манай хоёр улс 1977 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдийн засгийн хамтын ажиллагаа эхлүүлсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны “замын зураглал”, чиг шугам болсон Монгол, Японы Стратегийн түншлэл 2013-2017, Дунд хугацааны хөтөлбөр 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууссан. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022 оны 11 дүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн Үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд хоёр улс дараах 4 үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтов. Үүнд:
-
Улс төр, аюулгүй байдал
-
Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа
-
“Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо
-
Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, уг хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын хувьд анхных, Япон Улсын хувьд 15 дахь хэлэлцээр билээ. Дэлгэрэнгүй үзэх
Хэлэлцээрээр монголын тал 5700 орчим, японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байгаа. Үүнд, манай улс Японоос импортолж буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас чөлөөлсөн.
Хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2022 оны эхний 10 сарын байдлаар 588.9 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар өссөн үзүүлэлт юм.
Манай улс Япон руу энэ хугацаанд 12.4 сая ам.долларын экспорт хийжээ. Экспортын гол нэрийн бараанд хөнгөн цагаан, хөдөө аж ахуй, малын гаралтай бүтээгдэхүүнүүд дийлэнх хувийг эзэлж байна.
2022 оны эхний 10 сарын байдлаар манай улс Японоос 576.5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны нэлээд хувийг суудлын болон ачааны авто машин, нийтийн тээврийн хэрэгсэл болон нефтийн бүтээгдэхүүн эзэлж байна.
Хувийн хэвшлийн хоорондын хамтын ажиллагаа
Монголд оруулсан Японы томоохон хөрөнгө оруулалтуудаас товч дурдвал:
- Сүмитомо корпорац харилцаа холбооны үүрэн телефоны үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ “Мобиком” корпорац нь Монгол Улсын бүх газар нутгийг хамарч, нийт хэрэглэгчдийн зах зээлийн тал хувьд үйлчилж байна. Мөн тус корпорацын хөрөнгө оруулалтаар охин компани Трансвест Монголиа ХХК-г байгуулж Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөрөмж болон баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Монгол дахь албан ёсны дистрибьютерийн үйл ажиллагааг явуулж байна.
Монголд Иточу, Моннис, Мөнх-Хада, Таван-богд, Нимон, зэрэг японы хөрөнгө оруулалттай олон компани автомашины худалдаа, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг.Түүнчлэн Японы томоохон худалдааны корпорацууд, банк санхүүгийн байгууллагууд төлөөлөгчийн газар, салбараа нээн, үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор Японы хөрөнгө оруулалттай 670 компани, аж ахуйн нэгж Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж байна.
Экспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн, зөгийн бал, гэрийн тэжээвэр нохойн хоол дийлэнх хувийг эзэлж, импортын гол нэрийн бараанд суудлын болон ачааны автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл болон цагаан будаа, нийлэг мяндсан даавуу, хүнсний бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа зэрэг бараа дийлэнх хувийг эзэлж байна.
Манай улсад Япон Улсаас 1990 оноос 1,111,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэний тал хувь нь худалдаа, нийтийн хоолны салбарт, үлдэх нь банк, санхүү, аялал жуулчлал, барилга, мэдээллийн технологийн салбарт оногдож байна. 2021 оны 6 сарын байдлаар 58 сая долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Японы хөрөнгө оруулалттай 670 гаруй компани, ААН бүртгэгдсэн.
Монгол, Японы худалдааны гүйцэтгэл /сая ам.доллар/
(сүүлийн 8 жилийн байдлаар)
Он |
Нийт эргэлт
|
Импорт
|
Экспорт
|
2015 он |
294.9 |
274.6 |
20.31 |
2016 он |
344.6 |
330.6 |
14.03 |
2017 он |
378.0 |
363.1 |
14.81 |
2018 он |
588.0 |
561.0 |
26.5 |
2019 он |
600.9 |
585.4 |
15.5 |
2020 он |
416.3 |
406.7 |
9.6 |
2021 он |
470,8 |
453.1 |
17.7 |
2022 он |
689.4 |
674.2 |
15.2 |
2022 оны жилийн эцсийн байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 689,4 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 45,4 хувиар өссөн дүнтэй байна. Манай улсын Япон Улс руу чиглэсэн экспорт 15,2 сая ам.доллар, импорт 674,2 сая ам.долларт хүрсэн байна.