Буцах үнэмлэх

2023-04-14


Үндэсний гадаад паспортыг түр орлох баримт бичгийг буцах үнэмлэх гэнэ. Гадаадад түр хугацаагаар зорчиж байгаад паспортаа үрэгдүүлсэн, гэмтээсэн болон гадаадад төрсөн Монгол Улсын иргэн богино хугацаанд эх орондоо буцах, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд ЕКГ-аас "Монгол Улс руу Буцах үнэмлэх"-ийг олгоно. 

Буцах үнэмлэх мэдүүлэгч иргэн дараах материал бүрдүүлнэ:
  1.  Иргэний цахим үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбар
  2. Гадаад паспортын хуулбар
  3. Цээж зураг 2 хувь /3,5х4,5 см хэмжээтэй, цагаан артай/
  4. Өргөдөл маягт бөглөх
  5.  Хураамж 
Буцах үнэмлэх нь олгосон өдрөөс хойш 1 сарын хугацаанд хүчинтэй байна. Буцах үнэмлэхийг хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр хураан авч иргэний бүртгэл хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлдэг. 
 
Жич: Япон Улсад буцаж ирэх иргэдийн хувьд 
Япон Улс дахь харьяа дүүргийнхээ Гадаадын иргэн харьяатын газраас эсвэл Нарита нисэх онгоцны буудлын хилийн шалган /паспорт шалган/ нэвтрүүлэх дээр урьдчилж очиж Япон Улс руу буцаж орох "再入国許可書"-ээ давхар мэдүүлж авна уу, дэлгэрэнгүй мэдээллийг МИАТ 03-5615-4653-аас лавлах. Япон руу буцаж ирэх үнэмлэх мэдүүлээгүй тохиолдолд таны 在留カード оршин суух үнэмлэхийг хил дээр хүчингүй болгохыг анхаарна уу. Монгол руу бүр мөсөн буцах иргэдэд хамааралгүй болно. 
 
Буцах үнэмлэх авах иргэн өндөр настан, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, түр саатуулагдсан, насанд хүрээгүй, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай бол эмнэлгийн байгууллагын албан ёсны дүгнэлт, хорих байгууллага, цагаачлалын алба, түр саатуулах байгууллагын тодорхойлолт, насанд хүрээгүй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлт зэргийг үндэслэн итгэмжлэгдсэн хүнээр буюу баталгаат шуудангаар дамжуулан буцах үнэмлэх олгож болно.