Ерөнхий консул А.Дэлгэрмаа 2026 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “AMDA” Азийн анагаахын эмч нарын нийгэмлэгийн дэд тэргүүн Т.Нанба-г хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол, Японы эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний талаар танилцуулж, тус байгууллагаас 2017 оноос хойш Монгол Улсад хэрэгжүүлж буй “эндоскопи”-ийн технологи нэвтрүүлэх төслийн явц, үр дүнгийн талаар санал солилцов. Тус нийгэмлэгээс Монгол Улсад хэрэгжүүлж буй энэхүү төсөл Монгол эмч нарын дурангийн оношилгоо, эмчилгээний ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
“AMDA” Азийн анагаахын эмч нарын нийгэмлэг байгалийн гамшиг болон бусад онцгой нөхцөл байдалд өртсөн хүмүүст яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхээс гадна дунд, урт хугацааны эрүүл мэндийн хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд Ази, Африк, Латин Америк, Европын 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулж, UNHCR, WHO, UNOCHA зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран ажилладаг.