images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ДЭЛГЭРМАА ШИКОКҮ БҮСИЙН ТОКҮШИМА МУЖИЙН АНАН ХОТОД АЖИЛЛАВ

ЕКГ-ын мэдээ

2026-08-25

13

Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи “Азийн Тийболын холбоо”-ны ТУЗ-ын даргаар сонгогдсонтой холбогдуулан 8 дугаар сарын 21-ний өдөр хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Ерөнхий консул А.Дэлгэрмаа Монгол Улс болон Шикокү бүс, түүний дотор Токүшима муж хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж буйд сэтгэл хангалуун байна гээд манай хоёр улсын ирээдүй, хойч үеийн төлөөлөл болсон хүүхэд, залуучуудын солилцоог өргөжүүлэх, соёл, боловсрол, биеийн тамир спортын зэрэг өргөн хүрээний салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Токүшима дахь Монгол Улсын өргөмжит консул Каваүчи Широ идэвх санаачилгатай, тууштай ажиллаж, бодит хувь нэмэр оруулж буйг тэмдэглэж, талархал илэрхийлэв.
Ирэх онд тохиох Монгол Улс, Япон Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд манай хоёр улсын харилцааны “тулганы чулуу” болсон ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл, орон нутаг хоорондын харилцаа хамтын ажиллагаа, хүүхэд залуучуудын солилцоог улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө Токүшима мужтай нягт хамтран ажиллахын төлөө буйгаа тэмдэглэв.
Хүндэтгэлийн арга хэмжээнд “Хүн театр”-ын уран бүтээлчид оролцож, монголын бүжгийн урлагийг сурталчлав. Тус театрын уран бүтээлчид Токүшима мужийн алдарт Ава Одори бүжгийн “ТАССҮЙРЭН” хамтлагийн салбар “ХҮНРЭН” хамтлагийг байгуулаад буй.
 “Tийболын 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн” Токүшима мужийн Анан хотод 8 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 6 багийн 66 тамирчин өрсөлдөж байна.
Монголын баг, тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.