ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН КИОТО ХОТЫН ОРЛОГЧ ДАРГА ТАКЭҮЧИ ШИГЭТАКА -ТАЙ УУЛЗАВ
Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Баярсайхан Киото хотод ажиллаж, тус хотын орлогч дарга Ш.Такэүчитэй уулзав.
Уулзалтаар талууд Монгол, Японы найрсаг харилцааг орон нутгийн түвшинд бэхжүүлэх, хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, шинээр байгуулагдаж буй Хархорин хот болон Японы уламжлал, түүх соёлын төв болсон Киото хотын хооронд найрамдалт харилцаа тогтоох асуудлыг авч хэлэлцэв. Элчин сайд Б.Баярсайхан Хархорин хотын бүтээн байгуулалтын хүрээнд хийгдэж буй томоохон ажлууд, ирээдүйн хөгжлийн төлөвийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын болон аялал, жуулчлал, эдийн засгийн солилцоог өргөжүүлэх чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэлээ.
Киото хотын орлогч дарга Ш.Такэүчи уг санаачилгыг талархан дэмжиж, цаашид бүх талаар хамтран ажиллаж, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.