images

“ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭН “МОНГОЛЫН АМАР АМГАЛАН — PAX MONGOLICA”

ЕКГ-ын мэдээ

2025-05-13

325

“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Манай улс энэ удаагийн ЭКСПО-д “Монголын амар амгалан-Pax Mongolica” сэдвээр оролцож, дэлхий дахинтай энх тайвны үнэ цэнэ, түүх, өнөөгийн хөгжил дэвшлээ хуваалцаж байна. Энэ нь монголчуудын түүхэндээ бүтээж чадсан энх амгалангийн тогтолцоог энэ цагийн нээлттэй, тогтвортой, хамтын ирээдүйтэй холбон дэлхийн нийтэд танилцуулж байгаа юм.
 
 
Ирээдүйг хамтдаа бүтээх нь:
“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн  нь хүн төрөлхтний хамтын ирээдүйн төлөө “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь (Designing Future Society for Our Lives) уриатайгаар зохион байгуулагдаж, "Амьдралыг аврах", "Амьдралыг хүчирхэгжүүлэх", "Амьдралыг холбох" гэсэн гурван дэд сэдвийн хүрээнд явагдаж, дэлхийн 153 улс, 7 олон улсын байгууллага оролцож байна. Монгол Улс “Амьдралыг холбох” дэд сэдэвтэй уялдуулан “Эзэнт гүрний амар амгалан — Pax Mongolica” сэдвийг сонгон оролцож байгаа бөгөөд энэхүү үзэл санаагаараа дамжуулан улс орнууд соёл, мэдээлэл, худалдаа, зам тээврийн онцгой тогтолцоогоор хэрхэн энх тайвныг бий болгосон  түүхэн жишээгээ танилцуулж байна. 
 
Түүхэн дэх энх тайван, амар амгалан:
Монголын Эзэнт гүрний дор XIII–XIV зуунд бий болсон “Pax Mongolica” буюу Монголын амар амгалангийн эрин үе нь Евроазийн өргөн,  уудам нутаг дэвсгэр даяар энх тайван, худалдаа, соёл, мэдлэгийн чөлөөт урсгалыг бүрдүүлж байв. Торгоны замыг дахин нээн, худалдаа, соёлыг хөгжүүлж, өртөөний сүлжээ, элчийн тогтолцоог бий болгож, хамгийн том мэдээллийн урсгал болох шашны эрх чөлөө, олон угсаатны зохицлыг хангаж, харилцан ойлголцол, эв нэгдлийг бий болгосон юм. Түүхчдийн үнэлснээр энэхүү эрин үе нь дэлхийн хөгжлийг 200–300 жилээр түргэсгэсэн хэмээн үздэг.
 
 
“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн дэх Монголын павильон:  
"Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн Монгол Улсын павильонд Чингис хаан үндэсний музейн 28 үнэт үзмэр дэлгэгдэж, түүхэн соёлын гүн утга, үндэсний үнэт өвийг орчин үеийн шийдлээр хүрэлцэн ирсэн зочдод танилцуулахын сацуу өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөв байдал, аялал жуулчлалын онцлог, боломж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх бодит бодлого, үйл ажиллагаагаа танилцуулж байна. Мөн дэд сэдвийн хүрээнд “Go Mongolia” үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхон үзэх боломжийг бүрдүүлсэн болно.  
 
 
 
Монголын амар амгалан — Хүн төрөлхтний ирээдүйн загвар:
“Монголын амар амгалан — Pax Mongolica”  сэдэвт оролцоо нь  түүхэн үзмэрээр хязгаарлагдахгүй юм. Уг сэдэв нь “Осака–Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн уриа “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь”, дэд сэдэв  “Амьдралыг холбох”-той утга, агуулгын хувьд бүрэн нийцэж, өнгөрсөн ба ирээдүйг холбох соёл, сэтгэлгээний гүүр болон тодорч, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлс болох энх тайван, хүнлэг сэтгэл, эв нэгдэл, харилцан ойлголцолын хүчээр дэлхий нийтийг хэрхэн холбож болохыг харуулахыг зорьсон билээ. Монголчуудын XIII зуунд хэрэгжүүлж чадсан энх амгалангийн тогтолцоо нь өнөөдөр дэлхий нийтээрээ эрэлхийлж буй ирээдүйн шинэ загвар, хүн төрөлхтний нийгмийн суурь юм.
Монгол Улсын оролцоо нь ЭКСПО-гийн тавцанд түүхэн дурсамжаа тээсэн улс бус, харин ирээдүйг энх амгалангаар төсөөлж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө оюун санааны хувь нэмэр оруулж чадах орчин үеийн Монгол Улс гэдгийг батлан харуулж байна.