“ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ЭЛЧИН САЙД Б.БАЯРСАЙХАН ОРОЛЦОЖ, МОНГОЛЫН АСАРТ ЗОЧЛОВ
Япон Улсын Осака хотноо 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан оролцож, Монгол Улсын асарт зочлон үйл ажиллагаатай нь танилцлаа.

Элчин сайд Б.Баярсайхан Монгол Улсын түүх, соёл, аялал жуулчлал, хөгжлийн бодлого, эдийн засгийн боломжуудыг олон улсын зочдод хүргэхээр ажиллаж буй хамт олонд амжилт хүсээд, “Монголын асар манай улсын өнгөрсөн, өнөө, ирээдүйг харуулсан цогц орон зай болж чаджээ” хэмээн онцоллоо. Тэрбээр Монгол Улсын соёл, эдийн засгийн үнэт зүйлсийг шинэлэг технологи, бүтээлч шийдлээр таниулж буйг сайшаасан юм.
Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул А.Энх-Амгалан, Гадаад харилцааны яамны Олон улсын эдийн засгийн газрын захирал Г.Өлзийсайхан нар мөн оролцож, Монголын асрын үйл ажиллагаатай танилцав.
Монгол Улс энэ удаагийн ЭКСПО-д Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Чингис хаан Үндэсний музейтэй хамтран оролцож байгаа бөгөөд манай улсын асар үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж байна.

“Монголын амар амгалан — Pax Mongolica” сэдвийн хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэн өв, соёлыг илтгэх 28 үнэт үзмэрийг дэлгэн толилуулж буйгаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын онцлог, боломжуудыг олон улсын зочдод танилцуулж байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхий дахинд таниулахыг зорьж байна.
Мөн дэд сэдвийн хүрээнд Go Mongolia үндэсний брэндийг онцлон сурталчилж, зочдод VR болон AR технологийг ашиглан эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхох боломжийг бүрдүүлсэн нь олон улсын зочдын сонирхлыг ихээр татаж байна.
“Осака-Кансай ЭКСПО 2025”-ын хүрээнд Монгол Улсын Үндэсний өдөрлөгийг 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, уламжлалыг олон улсад таниулах тусгай хөтөлбөрүүдийг бэлтгэж байна.