images

“ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭНД МОНГОЛ УЛС ОРОЛЦОЖ БАЙНА

ЕКГ-ын мэдээ

2025-04-12

300

Япон Улсын Осака хотноо зохион байгуулагдаж буй “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2025 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх нь” уриан дор зохион байгуулагдаж буй тус ЭКСПО нь 4 дүгээр сарын 13-ны өдрөөс  10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт зургаан сарын хугацаанд үргэлжилж,  дэлхийн 158 улс, 7 олон улсын байгууллага оролцох юм.
Монгол Улс тус ЭКСПО-д Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Чингис хаан үндэсний музейтэй хамтран оролцож байгаа бөгөөд манай улсын асар үзэсгэлэнгийн Commons D хэсэгт байрлаж байна.
Монголын асар нь “Монголын амар амгалан — Рaх Mongolica” сэдвийн хүрээнд Монголын Эзэнт гүрний түүхэн өв соёлыг танилцуулах 28 үнэт үзмэрийг олон нийтэд дэлгэн толилуулахаас гадна өнөөгийн Монголын нийгэм, эдийн засгийн хөгжил, аялал жуулчлалын салбарын боломж, онцлогийг танилцуулж, тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд хэрэгжүүлж буй бодит үйл ажиллагааг дэлхийн зочдод хүргэнэ. Мөн дэд сэдвийн хүрээнд Go Mongolia үндэсний брэндийг онцлон сурталчилж, VR болон AR технологийг ашиглан зочдод эртний Хар Хорум хотод аялах, Монгол наадамд оролцох, уламжлалт монгол ахуй, байгалийн үзэсгэлэнт  газруудыг виртуал орчноор дамжуулан сонирхох боломжийг бүрдүүлсэн болно. Худалдааны хэсэгт үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний дээж болох арьс шир, ноос ноолуур, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг борлуулна.
Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг үзэхээр дэлхийн өнцөг булан бүрээс  28 сая гаруй үзэгч, жуулчин үзэж сонирхох төлөвтэй байна. ЭКСПО-гийн хүрээнд Монгол Улсын үндэсний өдөрлөгийг 2025 оны 7 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулах бөгөөд энэ өдөр Монголын түүх, соёл, урлаг, өв уламжлалыг олон улсад таниулах онцгой хөтөлбөрүүдийг танилцуулахаар бэлтгэж байна.