images

“Намрын баяр Осака 2023” болов

ЕКГ-ын мэдээ

2023-11-04

1401

Осака хотын Цуруми дүүргийн “Цуруми Рёкучи” цэцэрлэгт хүрээлэнд 11 дүгээр сарын 4-ний өдөр “Намрын баяр Осака 2023” өдөрлөг болов. 9 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү өдөрлөгт Кансай бүс дэх Монголчуудын холбоо ТББ зохион байгуулж, Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий консулын газар, Осака хотын захиргаа, Монгол Улстай хамтран ажилладаг Японы олон нийтийн байгууллагууд, хувь хүмүүс дэмжлэг үзүүлэв.
 
Уг өдөрлөгийг нээж Монгол Улсаас Осака хотод суугаа Ерөнхий консул А.Энх-Амгалан Япон Улсын Засгийн газрын төлөөлөгч, Кансай бүс дэх Элчин сайд Ц.Химэно нар нээлтийн үг хэлж, Осака мужийн захирагч Х.Ёшимура, Осака хотын дарга Х.Ёкояма нар баяр хүргэж баярын захидал ирүүлэв. Энэ удаагийн “Намрын баяр”-ыг Японы өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн монгол, японы нийт 3 мянга гаруй иргэд үзэж сонирхов.  
 
Нээлтийн тоглолтод язгуур урлагийн “Их татлага” хамтлаг, бүжигчин Г.Бурмаа нар монгол дуу, бүжгийн гайхамшгийг танилцуулж, Японд суралцаж буй Монгол оюутнууд болон Монголын язгуур урлагаар шимтэн хичээллэдэг авьяаслаг Япончууд морин хуур, хөөмий, Монгол бүжиг зэргээс бүрдэх урлагийн тоглолтоо толилуулав. 
 
Уламжлал ёсоор “Намрын баяр”-ын хүчит бөхийн барилдаанд энэ жил аймаг, сумын цолтой 16  бөх зодоглосон нь тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм. Түрүүлсэн бөхийн бай шагналыг мэргэжлийн сүмогийн 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадорж гардуулсан нь бөхчүүдийн урам зоригийг улам нэмлээ.
 
Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх, соёл, эдийн засаг, нийгмийн ололтуудыг сурталчилсан самбарыг Кансай бүсэд оршин суудаг монгол иргэд танилцуулав. Монгол Улстай хамтран ажилладаг нийгэмлэг, компаниуд сурталчилгааны булан ажиллуулж, бэлэг дурсгалын зүйлсийн борлуулалт хийж, монгол, япон хоолны 10 гаруй асар үйлчилж, монгол хоолыг япон иргэдэд танилцуулав.