ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН “ОСАКА-КАНСАЙ ЭКСПО 2025” ДЭЛХИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ М.ИЧИНОКИ-ТОЙ УУЛЗАВ
Ерөнхий консул А.Энх-Амгалан “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М.Ичиноки-той 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр уулзав.
Уулзалтын үеэр Ерөнхий консул А.Энх-Амгалан Осака хотноо 2025 онд зохион байгуулагдах “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Засгийн газар энэхүү үзэсгэлэнд оролцох шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэв.
“Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг зохион байгуулах хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч М.Ичиноки Монгол Улс “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнд оролцох болсонд талархал илэрхийлж, Монгол Улсыг амжилттай оролцоход бүхий л талын дэмжлэг үзүүлж ажиллахаа нотлов.
“Осака-Кансай ЭКСПО 2025” нь “Бидний амьдралын ирээдүйн нийгмийг бүтээх” (Designing Future Society for Our Lives) хэмээх сэдэв дор 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс тус оны 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд үзэсгэлэнд нийт 153 улс, 8 Олон улсын байгууллага оролцохоо нотлоод байгаа юм. Япон Улсын Засгийн газраас “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнг 30 орчим сая хүн хүрэлцэн ирж үзэж сонирхоно хэмээн тооцоолон, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Тус үзэсгэлэн нь:
-
Амьдралыг аврах (Saving Lives)
-
Амьдралыг хүчирхэгжүүлэх (Empowering Lives)
-
Амьдралыг холбох (Connecting Lives)
гэсэн гурван дэд сэдвийн дор дэлхийн бүх улсын оролцоог хангаж, дэлхий дахинаа тулгараад буй асуудал, хямралыг хамтдаа даван туулах, ололт амжилт, сорилтоос харилцан суралцах, туршлага хуваалцах, хамтран ажиллах, тогтвортой нийгмийг бүтээх, дэлхий нийтийн хүчин чармайлтыг нэгтгэх платформыг бий болгохыг зорьж байгаа юм.
Монгол Улс тус дэлхийн үзэсгэлэнд оролцох нь улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, улс орноо сурталчлахад чухал ач холбогдолтой юм.