images

ЕРӨНХИЙ КОНСУЛ А.ЭНХ-АМГАЛАН ОСАКА ХОТЫН ДАРГА Х.ЁКОЯМА-ТАЙ УУЛЗАВ

ЕКГ-ын мэдээ

2023-06-26

1247

     Ерөнхий консул А.Энх-Амгалан энэ оны 6 дугаар сарын 26-ны өдөр Осака хотын дарга Х.Ёкояма-тай уулзав. Уулзалтын эхэнд Ерөнхий консул А.Энх-Амгалан Х.Ёкояма-д Осака хотын даргаар сонгогдсонд нь баяр хүргэж амжилт хүсэв.
 
     Уулзалтаар баруун Японы эдийн засгийн төв Осака хоттой худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, Монгол Улсыг сурталчлан таниулах ажлын хүрээнд Осака хотод зохион байгуулдаг томоохон бизнес форум, уулзалтуудад Монголын бизнесийн төлөөлөгчдийг оролцуулах чиглэлээр хамтран ажиллах санал дэвшүүлэв.
 
     Осака хотод 2025 онд зохион байгуулагдах “Осака-Кансай ЭКСПО 2025” дэлхийн үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Засгийн газар энэхүү үзэсгэлэнд оролцох шийдвэр гарган бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэв.
 
     Осака хотын дарга Х.Ёкояма А.Энх-Амгаланд Ерөнхий консулаар томилогдсонд баяр хүргэж, амжилт хүсэв. Тэрээр хоёр улсын харилцааг худалдаа, эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг дурдаж, ЕКГ-тай нягт хамтран ажиллахаа нотлов.