Япон Улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж

2023-04-19


Япон Улсад зорчих иргэдэдээ ЕКГ-ын зүгээс дараах зүйлийг зөвлөж байна. Үүнд:
•    Гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах (зорчиж ирснээс хойш 6 сар хүртэл хугацаанд хүчинтэй байх);
•    Япон Улсын ЭСЯ-наас олгосон визийн хүчинтэй хугацаанд зорчих;
•    Хил нэвтрэх мэдүүлгийн болон гаалийн мэдүүлгийн хуудсыг хилээр нэвтрэхээс өмнө бөглөсөн байх;
•    Японы хилийн шалган нэвтрүүлэх боомт дээр аялалын зорилго, байх хугацаа, хүлээж авах байгууллага, хувь хүний урилга, бусад шаардлагатай бичиг баримтыг биедээ авч 
      явах;
•    Япон Улсад байх хугацаандаа хууль тогтоомж, дүрэм журмыг нь сахиж мөрдөх;
•    Хилээр нэтрүүлэхийг хориглосон эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг, тухайлбал амьтны гаралтай махан бүтээгдэхүүн, жимс, ногоо, ургамлын үр, галт зэвсэг, тэсрэх бодис 
      зэрэг бараа, бүтээгдэхүүнийг биедээ болон ачаа тээшиндээ авч явахгүй байх;
•    Хилээр нэвтрүүлэхэд тодорхой хязгаарлалт тавьдаг эд зүйлс, бараа, бүтээгдэхүүнийг зөвшөөрсөн тоо, хэмжээнээс их хэмжээгээр авчрах тохиолдолд татвар, хураамж         
      ногдуулах магадлалтай тул зорчихдоо энэ талаарх мэдээллийг сайтар авсан байх.  Зорчигчийн хувийн хэрэглээний эм авч явах бол эмийн сав боодол, эмчийн жор, 
      тодорхойлолтыг үзүүлэх шаардлагатай, Мөн хилээр 10,000-аас дээш ам.доллар бэлнээр, эсхүл түүнтэй тэнцэх  бусад үнэт цаас авч яваа бол энэ талаар гаалийн мэдүүлэгт 
       заавал мэдүүлэх (хэрэв гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бол гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн, хураадаг болохыг анхаарна уу).
•    Гадаад орнуудад зорчих иргэд анхаарал болгоомжтой байх, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж, хэн нэгний гуйлт, ятгалгаар 
      бусдын ачаа тээш, эд зүйлс авч явахгүй байх;
•    Хэрэв та Япон Улсад 6 сараас дээш хугацаагаар байх бол Токио дахь ЭСЯ, Осака дахь ЕКГ-таа бүртгүүлнэ үү.