МОНГОЛ, ЯПОНЫ НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ, ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН ТУХАЙ

Найрамдлын нийгэмлэгүүд:

1. Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлэг

Тус танхимд 1978 оны 3 дугаар сард Япон, Монголын парламентын найрамдлын бүлэг анх байгуулагдсан. Бүлэг нь хоёр орны харилцааг хөгжүүлэх, парламентын төлөөлөгчдийг хоёр жилд нэг удаа харилцан солилцох, харилцааны асуудлаар ЭСЯ–тай хамтран ажиллах, хоёр талын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн олон нийтийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Бүлгийн даргаар Японы ХАА, газар тариалан, загас агнуурын яамны сайд асан М.Като, Ерөнхий сайд асан Ц.Хата, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ц.Такебэ нар тус тус ажиллаж байсан. Эдүгээ Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Хаяши тэргүүнээр ажиллаж, Ерөнхий нарийн бичгийн даргаар тус танхимын гишүүн Р.Хирофүми ажиллаж байна.

2. Японы парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын парламентын найрамдлын бүлэг

Тус танхим дахь Япон, Монголын парламентын найрамдлын бүлэг 1975 онд 47 гишүүнтэйгээр анх байгуулагдаж байсан. Бүлэг нь хоёр орны парламент, ард түмний хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үндсэн гол зорилготой. Бүлгийн даргаар Зөвлөхүүдийн танхимын гишүүн Д.Нозава ажиллаж байсан бөгөөд  Зөвлөхүүдийн танхимын гишүүн T.Ямазаки ажиллаж байна.

3. Япон, Монголын эв найрамдлын нийгэмлэг

Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн асан Т.Хасэгавагийн санаачилгаар 1991 онд байгуулагдсан. Т.Хасэгава нас барсны дараа 1993 онд тус нийгэмлэгийн даргаар Японы Ерөнхий сайд асан Т.Кайфу сонгогдсон юм. Нийгэмлэгийн хүндэт зөвлөхөөр Ерөнхий сайд асан Я.Накасоне ажиллаж байв. Байгуулагдсан тухайн жилүүдэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байсан ч одоо үйл ажиллагаа нь зогсонги байдалтай байгаа. Одоо нийгэмлэгийн тэргүүнээр Х. Иноүэ ажиллаж байгаа.

4. Япон, Монголын нийгэмлэг

Дэлхийн II дайны дараа манай улсад олзонд байгаад буцаж очсон япончуудын санаачилгаар 1959 онд байгуулагдсан. Энэ нийгэмлэг нь 1964 онд Японы Засгийн газар, ГЯЯ–аар зөвшөөрөгдөж, манай улстай холбоотой ажиллаж ирсэн. Нийгэмлэг нь Монголын тухай судалгаа хийх, манай материалыг япон хэлэнд орчуулж  хэвлэх, уулзалт үдэшлэг, хурал цуглаан  зохион байгуулах, материал солилцох, хоёр ард түмний харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх зорилгоор шинжлэх ухаан, урлаг, утга зохиол болон бусад салбар дахь хэлхээ холбоог өргөжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн. 100 гаруй гишүүнтэй. Эдүгээ Васедагийн их сургуулийн захирал Ж.Ёшида нийгэмлэгийн тэргүүнээр, Сасакава сангийн ажилтан Ш.Күбота гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байна.

5. Япон, Монголын найрамдлын нийгэмлэг

Японы социалист нам, Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнд хамаарагддаг цөөн хүмүүсийн санаачилгаар  1965 оны 7 дугаар сард байгуулагдсан бөгөөд тэр цагаас хойш манай улстай ойр дотно холбоотой ажиллаж, хоёр орны найрсаг харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг юм. Гишүүнчлэлийн хувьд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй. Төв Ази судлаач, нэрт эрдэмтэн Н.Эгами олон жил ажилласан. Эдүгээ тус нийгэмлэгийн тэргүүнээр Т.Янагисава ажиллаж байна. 2004 оноос манай улсад мод тарих ажлыг эхлүүлсэн нь өнөөг хүртэл үргэлжилж байна.

6. Япон, Монголын эмэгтэйчүүдийн соёлын солилцооны “Солонго” нийгэмлэг

Японы Чиба мужийн эдийн засгийн дээд сургуулийн багш К.Фужимотогийн санаачилгаар 1991 оны 6 дугаар сард байгуулагдсан. Хоёр орны эмэгтэйчүүдийн хооронд соёлын солилцоог өргөтгөх, улмаар ард түмэн хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой байгуулагдсан.

7. Япон-Монголын эдийн засгийн хороо

Зөвлөлт болон Европын социалист орнуудтай худалдаа хийх Японы нийгэмлэгийн дэргэд 1972 онд байгуулагдсан. Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөтгөх, засгийн газар болон бусад байгууллагад саналаа хэлэх, манай улстай харилцаа тогтоохыг сонирхож буй компани, байгууллагыг зохих мэдээллээр хангах зорилгоор байгуулагдсан. Эдүгээ Япон, Монголын эдийн засгийн хорооны даргаар Иточү корпрацийн зөвлөх Ё.Кобаяши ажиллаж байна.

8.Япон-Монголын соёл, эдийн засгийн нийгэмлэг

Байгаль далай, Хөвсгөл нуурыг хамгаалах асуудлаар 1990 онд Монголд болсон олон улсын эрдэмтдийн хуралд  оролцсон Японы  төлөөлөгч хатагтай Н.Сато буцаж ирснийхээ дараа Осакагийн эд хэрэглэгчдийн холбоог түшиглэн Япон, Монголын соёл, эдийн засгийн  нийгэмлэгийг байгуулах санаачилга анх гаргажээ. Нийгэмлэг нь  үйлдвэрлэл, худалдаа хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх, Монгол, Японы соёл, урлагийг харилцан сурталчлах зорилготой байгуулагджээ. Нийгэмлэгийн тэргүүн Н.Сато 1998-2012 онд Осака хот дахь Монгол Улсын Өргөмжит консулаар ажиллаж байсан. Одоо Япон улс дахь Монгол улсын Соёлын элчээр томилогдон ажиллаж байна.

9.Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг

 “Хоккайдо, Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэг” нь Хоккайдо дахь Монгол Улсын Өргөмжит консул Ц.Такэбэгийн санаачилгаар хоёр орны хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 2016 онд үүсгэн байгуулагдсан. Япон Улс дотроо Монгол Улстай байгаль, цаг уурын хувьд хамгийн төстэй, монголчуудад хэрэгцээтэй технологиор баялаг Хоккайдо мужийг Монгол, Японы Стратегийн түншлэлийг  хөгжүүлэх хоёр ч удаагийн Дунд хугацааны хөтөлбөрт онцолж тусгасан  байдаг.

10. Тояама- Монголын найрамдлын нийгэмлэг

Тояама, Монголын эдийн засаг, соёлыг дэмжих зорилгоор 2002 онд байгуулагдаж байсан. Нийгэмлэгийн дарга агсан Ямагүчи Монгол улсад анх айлчилсныхаа  дараа тус нийгэмлэгийн байгуулж байсан.  Түүнийг нас барьсны дараа түүний ач охин Ямагүчи Хидэка нийгэмлэгийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаад 2016 онд Парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ш.Доко-г тэргүүнээр сонгон ажиллуулж байна. Х.Ямагүчи нь одоо нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгээр ажиллаж байгаа.

Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр нийгэмлэг идэвхтэй ажиллаж байгаа. 2012 онд мужийн Эрүүл мэндийн техник мэргэжлийн сургуульд анхны монгол оюутан суралцаж эхэлсэн бөгөөд улмаар 2015 онд сургуулиа төгсгөж, одоо сувилагч мэргэжлээр ажиллаж байгаа ба нийт 4 сувилагч суралцаж төгссөн. Манба Дацан хийдтэй уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах эхлэлийг тавьсан байгаа.

11. Ишикава- Монголын найрамдлын нийгэмлэг

Ишикава мужид Монголын танилцуулах, тус мужид сурдаг монгол оюутнуудыг дэмжих зорилготойгоор 2007 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн тэргүүнээр И.Савада ажиллаж байна.

12. Шизүока-Монголын найрамдлын нийгэмлэг

Шизүока муж Монгол улсын Дорноговь аймагтай хамтын ажиллагаа эхлүүлсэнтэй холбогдуулж 2010 онд тус нийгэмлэг байгуулагдсан ч мужтай хамтран үйл ажиллагаа явуулахаа зогсоосон. Тэргүүнээр нь М.Китагава ажиллаж байна. Нийгэмлэгийн санаачилгаар 2018 оны 7 дугаар сар Окаяма мужийн Какй их сургууль, МУИС-ын биологийн танхимтай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Монголын Самбо бөхийн холбоо, байт харвааны холбоотой хамтын ажиллагааг явуулж байгаа.

13. Ойта- Монголын харилцааг дэмжих нийгэмлэг

Ойта муж нь 1986 оноос эхлэн Ойта-Монголын найрамдлын нийгэмлэгээр холбогдон манай улстай харилцаж ирсэн бөгөөд түүнээс хойш тасралтгүй соёл боловсролын тал дээр харилцаж иржээ. Монгол Улсын Засгийн газраас “Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөрийг баталсны дагуу Япон улсын Ойта мужтай Баянхонгор аймаг энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан. Ойта монголын нийгэмлэг, Ойта-Баянхонгорын нийгэмлэг нэгдэж, Ойта-Монголын харилцааг дэмжих нийгэмлэг болон Ойта мужид сурдаг монгол оюутныг дэмжих соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн олон улсын хурал зохион байгуулах чиглэлд хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа. 

Олон улсын “Халуун рашааны чуулга уулзалт” 2018 оны 5 дугаар сард Ойта мужийн Бэппү хотноо зохион байгуулагдаж Баянхонгор аймгаас төлөөлөл оролцсон.

14.Кочи-Монголын найрамдлын нийгэмлэг

Монгол дахь япон хэлний сургалтыг дэмжих зорилгоор 1994 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн дарга Т.Кожи  1992 онд ЗХУ-д очих замдаа Монгол улсад аялан тухайн үед Монгол улсад япон хэлийг зааж эхэлж байсан 23 дугаар сургуульд зочилсныхоо дараа нийгэмлэгээ байгуулсан.  Тус мужид өнөөг хүртэл 23 болон 3 дугаар сургуулийн 1000 гаруй сурагчид 3 сарын хугацаатайгаар суралцаж байгаа. Спорт салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхээр ажиллаж байна. 

15. Яхико- Монголын найрамдлын нийгэмлэг

Нийгата мужийн Яхико тосгон Төв аймгийн Эрдэнэ сумтай найрамдалт харилцаа тогтоосноор тус нийгэмлэг нь 2016 онд  байгуулагдсан. Одоо соёлын салбар дахь хамтын ажиллагааг эрчимтэй явуулж байгаа бөгөөд жил бүр дунд сургуулийн хүүхдүүдийг харилцан солилцож байна. Нийгэмлэгийн тэргүүнээр тосгоны дарга Т.Кобяаши ажиллаж байна.

16. Сакү- Монголын найрамдлын нийгэмлэг

Сакү хот Монгол улстай соёл, спорт, боловсролын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготойгоор 2008 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн тэргүүнээр Харүхара Акио ажиллаж байна. Мөн Сакү хот нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгтэй хамтын ажиллагааны гэрээг байгуулан ажиллаж байна.

17. Кюүшү, Окинава- Монголын найрамдлын нийгэмлэг

Кюүшү, Окинава Монголын харилцаа хамтын ажиллагааг дэмжих зорилготойгоор 2009 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн тэргүүнээр К.Фүжинага ажиллаж байна.

19. Күмамото-Монголын найрамдлын нийгэмлэг

Күмамото- Монголын найрамдлын нийгэмлэг нь 2014 онд Күмамото Монголын эдийн засгийг дэмжих зорилготойгоор байгуулагдсан. Нийгэмлэгийн тэргүүнээр А.Араки ажиллаж байна. Күмамото мужаас төрөн гарсан алдарт дуучин А.Яширо Монгол улсын Соёлын элчээр ажиллаж байна.

20. Иватэ -Монголын найрамдлын нийгэмлэг, Мориока Монголын найрамдлын нийгэмлэг

Иватэ мужид Монголын танилцуулах, тус мужид сурдаг монгол оюутнуудыг дэмжих зорилготойгоор 2007 онд байгуулагдсан. Нийгэмлэгийн тэргүүнээр Н.Торихико  ажиллаж байна.  

Мориока-Монголын найрамдлын нийгэмлэг нь Ивате мужид их сургуулиа төгссөн н.Мөнхбатын санаачлагаар анх байгуулагдсан. Дээрх хоёр нийгэмлэг нь ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг юм.

21. Япон Монголын найрамдлын “Happy” нийгэмлэг

Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Хаяши-гийн дэмжигч Х.Юүмита 2014 онд нийгэмлэгийг үүсгэн байгуулсан. Тус нийгэмлэг нь Фүкүшима мужид байдаг. Байгуулагдсан цагаасаа хойш монголын бага ангийн хүүхдүүдэд “Сурагч цүнх” хандивлах үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн. Мөн хандивын тоглолт зохион байгуулж олсон орлогыг монголын хүүхэд асрах газарт хандивлах ажлыг жил бүр зохион байгуулж ирсэн.

22. Нагано-Монголын найрамдлын нийгэмлэг

Нагано мужид монголын түүх, соёлыг танилцуулах зорилготойгоор 1990 онд байгуулагдсан. Монгол улсад мод тарих ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн. Нийгэмлэгийн даргаар К.Накаяма ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд тус нийгэмлэг нь санхүүгийн хүндрэлтэй байгаа тул олон нийтийг хамарсан том хэмжээний үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно.


                      
Төрийн бус байгууллагууд:

1.Зүрх хамгаалах төсөл ТББ

Зүрх хамгаалах төсөл  нь зүрхний эмгэгтэй монголын хүүхдүүдийг эмчлэхэд онцгой хувь нэмэр оруулж байгаа. Жил бүр тогтмол 5, 10 дугаар саруудад Монгол улсад очиж үнэ төлбөргүй үзлэг, хагалгаа хийж ирсэн.

2.Хулан нийгэмлэг ТББ

Манай дунд сургуулийн хүүхдүүдийг жил бүр Японд урьж, япон айлд амьдруулах, Японы хүүхэд багачуудыг Монголд аялуулах ажлыг хэрэгжүүлж ирсэн. Нийгэмлэгийн тэргүүнээр Э.Сасаки ажиллаж байна.

3.Монголын хүүхдийн төлөө сайн санааны нийгэмлэг ТББ

К.Эгүчи тэргүүтэй сайн дурынхан 1999 онд Японы Ротари клубын шугамаар анх Монголд очиж, талхны үйлдвэр байгуулсан байна. Урт хугацаанд Монголын эмзэг бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор «Монголын хүүхдийн төлөө байгууллага»-ыг санаачилж, эдүгээ эмзэг давхаргын хүүхдүүдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. Мөн 3 дугаар эмнэлэгт амьсгалын замын аппарат хандивлах зэрэг ажлыг хийж ирсэн. 

4. Хойд Ази судлалын  “Шагаа” нийгэмлэг ТББ

Хоккайдо мужид байдаг энэхүү нийгэмлэг нь угсаатны зүй судлалаар үйл ажиллагаагаа явуулдаг. Нийгэмлэгийн тэргүүнээр М.Нишимура ажилладаг. 2016 онд Хойд Азийн судалгааны Шагаа нийгэмлэг болж үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Хөвсгөл, Ховд зэрэг баруун аймгуудын гарал угсааг түлхүү судалдаг байгууллага юм.

5. “Нинжин” нийгэмлэг ТББ

Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих үйл ажиллагааг идэвхтэй дэмжиж ирсэн. 2015 оноос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурган хүмүүжүүлэх багш, ажилчдыг дэмжих сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. Тэргүүнээр Р.Широ ажиллаж байна.

6. “Токуда-Монгол” сан

Токүшүкай эмнэлгийн санаачлагаар Монгол улстай эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдсан байна.  Тус сангийн тэргүүнээр Т.Токүда ажиллаж байна. Монгол улсын Налайх дүүргийн эмнэлэгт бөөрний аппарат, түргэн тусламжийн машинуудыг хандивлах ажлуудыг зохион байгуулж ирсэн.