МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Монгол, Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг 2015 оны 2 дугаар сарын 10-ны өдөр байгуулж, уг хэлэлцээр 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Монгол Улсын хувьд анхных, Япон Улсын хувьд 15 дахь хэлэлцээр юм.

 

Хэлэлцээрээр монголын тал 5700 орчим, японы тал 9300 орчим төрлийн бараа, бүтээгдэхүүнийг импортын гаалийн тарифаас шууд болон үе шаттайгаар чөлөөлж байгаа. Үүнд, манай улс Японоос импортлож буй 3423 төрлийн бараа, Япон Улс манай экспортын 8004 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гаалийн татвараас шууд чөлөөлсөн.Тус хэлэлцээрийн хамтын ажиллагааны асуудлаарх хамтарсан Дэд хорооны анхдугаар хуралдааныг талууд 2018 оны 12 дугаар сард Улаанбаатар хотноо хийсэн.

Монгол, Японы худалдааны гүйцэтгэл
(сүүлийн 5 жилийн байдлаар) (cая ам.доллар)

Он

Нийт эргэлт

Импорт

Экспорт

2015 он

294.9

274.6

20.31

2016 он

344.6

330.6

14.03

2017 он

378.0

363.1

14.81

2018 он

588.0

561.0

26.5

2019 оны 11 дүгээр сарын байдлаар

574.9

560.1

14.82

Япон Улсын Засгийн газраас 1977-2018 оны байдлаар 119.1 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 49.6 тэрбум иенийн техникийн хамтын ажиллагаа, 157.9 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, нийт 326.7 тэрбум иенийн (3 тэрбум ам.доллар орчим) зээл, тусламжийг манай улсад үзүүлсэн. 

Япон Улс нь Монгол Улсын хувьд импортын 3 дахь гол түнш болдог. 2015 онд импортын нийт хэмжээ 274.6 сая ам доллар, нийт импортын 7.2 хувьтай тэнцэж байсан бол 2016 онд 330.6 сая ам.доллар, нийт импортын 9.8 хувь, 2017 онд 363.1 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 9.9 хувиар өсч, нийт импортын 8.4 хувийг эзэлж байна.

Экспортын гол нэрийн бараанд самнасан ноолуур, ноолууран бүтээгдэхүүн  дийлэнх хувийг эзэлж, импортын гол нэрийн бараанд суудлийн болон ачааны хуучин автомашин, нийтийн тээврийн хэрэгсэл болон цагаан будаа, нийлэг мяндсан даавуу зэрэг бараа дийлэнх хувийг эзэлж байна.

Манай улсад Япон Улсаас 1990 оноос 2018 онд нийт 820 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Манай улсад японы хөрөнгө оруулалттай нийт 410 аж ахуй нэгж бүртгэлтэй байна. Хөрөнгө оруулалт хийж буй салбаруудыг судалж үзвэл Худалдаа, нийтийн хоолны салбарт 45%, Хөнгөн үйлдвэрийн салбарт 8.1%, Банк, санхүүгийн үйл ажиллагаанд 10%, Аялал жуулчлалд 4.4%, Инженерийн барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлд 15%, Геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 4.0% гэсэн дүн гарч байна.

Монголд оруулсан Японы томоохон хөрөнгө оруулалтуудаас товч дурьдвал:

- Сүмитомо корпораци харилцаа холбооны үүрэн телефоны үйлчилгээг Монголд анх нэвтрүүлсэн бөгөөд эдүгээ “Мобиком” корпораци нь Монгол Улсын бүх газар нутгийг хамарч, нийт хэрэглэгчдийн зах зээлийн тал хувьд үйлчилж байна. Мөн тус корпорацийн хөрөнгө оруулалтаар охин компани Трансвест Монголиа ХХК-г байгуулж Комацугийн уул уурхай, зам барилгын тоног төхөөөрөмж болон баталгаат сэлбэг хэрэгсэл, эд ангиудыг үйлдвэрээс шууд ханган нийлүүлэх хүчин чадал бүхий Монгол дахь албан ёсны дистрибьютерийн үйл ажиллагааг явуулж байна.

- Японы HIS корпораци, монголын талын компани хамтарч ХААН банкийг худалдаж авсан. Өдгөө Хаан банк нь Монгол Улс даяар нийт 537 салбар нэгжтэй үндэсний арилжааны банкуудын нэг болсон. 

- Монголд Моннис, Нимон зэрэг японы хөрөнгө оруулалттай нэлээд хэдэн компани автомашины засвар үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг.

- Түүнчлэн Японы томоохон худалдааны корпорациуд, банк санхүүгийн байгууллагууд төлөөлөгчийн газар, салбараа нээн, үйл ажиллагаа явуулж байна.