МОНГОЛ, ЯПОНЫ УЛС ТӨРИЙН ХАРИЛЦААНЫ ТОЙМ

1972 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосон. Энэ тухай Ноот бичгийг Монгол Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд Б.Лувсанчүлтэм, Япон Улсаас ЗХУ-д суугаа Элчин сайд К.Нийсэки нар Москва хотод солилцсон. 1974 оны 9 дүгээр сарын 23-нд Соёлын харилцаа тогтоох тухай тохиролцоо байгуулсан.

1977 оны 3 дугаар сарын 17-нд гарын үсэг зурсан “БНМАУ, Япон Улсын хооронд эдийн засгийн талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн дагуу Япон Улсын  Засгийн газар 5 тэрбум иенийн (тэр үеийн ханшаар 17 сая ам.доллар) буцалтгүй тусламжаар ноос, ноолуурын “Говь” үйлдвэрийг барьж, 1981 онд ашиглалтад өгснөөр дайны төлбөрийн асуудал хаагдсан болно.

Монгол, Японы нийгмийн байгуулал, үзэл суртлын ялгаанаас үүдэн 1990-ээд оныг хүртэл хоёр орны харилцаа дорвитой хөгжих боломж хязгаарлагдмал байлаа. Гэвч хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны үндэс чухамхүү 70, 80-аад оны үед тавигдсаныг үгүйсгэж болохгүй. Тухайлбал, хоёр тал парламентын төлөөлөгчдөө 1974 оноос харилцан айлчлуулж, БНМАУ-ын ГХЯ-ны сайд М.Дүгэрсүрэн 1987 онд Японд, Япон Улсын Гадаад хэргийн сайд С.Үно 1989 онд Монголд, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Д.Содном 1990 онд Японд тус тус айлчилж байв. “Говь” үйлдвэрийг тойрсон худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжиж, 1974 онд байгуулсан Соёлын харилцааны тухай хэлэлцээрийн  дагуу оюутан, багш, мэргэжил дээшлүүлэгчид, урлаг, спортынхныг солилцож, найрамдлын нийгэмлэгүүд 1970-аад оны эхнээс харилцаж байв.

Монгол Улсад ардчилсан өөрчлөлт, шинэчлэлт эхэлсэн 1990 оноос хойш хоёр талын харилцаа үсрэнгүй хөгжсөн. Монгол, Японы харилцааны энэхүү эргэлт нь дэлхийн социализмын задралаар эрс өөрчлөгдсөн олон улсын шинэ нөхцөл байдлаас үүдэж Монгол, Японы ашиг сонирхол нэг шугам, нэг цэг дээр огтлолцсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл хөгжлийн шинэ зам дээр гарч ирсэн Монгол Улсад хүчирхэг эдийн засагтай, Азийн нөлөө бүхий гүрэн Японы дэмжлэг хэрэгтэй байсан. Нөгөө талаар, Азийн коммунист дэглэмүүдээс ардчилалд анхлан хөл тавьсан Монгол Улсыг дэмжих нь Азийг төлөөлсөн их гүрэн болохыг зорьж байгаа Япон Улсын олон улсын үүрэг роль, нэр хүндийг бэхжүүлэхэд нэмэр болох учиртай байв.

Япон Улсын Ерөнхий сайд Т.Кайфү 1991 оны 8 дугаар сард Монголд айлчилсан нь тус улсаас төдийгүй Өрнөдийн орнуудаас Монголд Засгийн газрын тэргүүний түвшинд хэрэгжүүлсэн анхны айлчлал болов. Энэхүү айлчлалаар Т.Кайфү Монголын ардчиллыг дэмжих Японы бодлогыг зарлав. Энэ бодлого Монголын шинэчлэлийг дэмжих Японы болон олон улсын механизм бий болгоход чиглэсэн бөгөөд амжилттай хэрэгжиж ирлээ. Үүнд:

- Япон Улсын Засгийн газар 1991 оноос тус улсын Хөгжлийн албан ёсны тусламж /ХАЁТ/-нд  Монгол Улсыг хамруулж, хоёр талын харилцааны хүрээнд туслахын зэрэгцээ 1991 оноос Дэлхийн банктай хамтран Монголд хандивлагчдын уулзалтыг Токио хотноо 10 удаа зохион байгуулсан.

- Япон Улс “Их 7”-гийн дээд хэмжээний 1991, 1992, 1993 оны уулзалтуудын төгсгөлийн баримт бичгүүдэд Монголын ардчиллыг улс төр, эдийн засгийн талаар дэмжих тухай заалтуудыг оруулж байсан.

- Манай улсыг КОКОМ-ын хязгаарлалтаас чөлөөлөх, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Дэлхийн худалдааны байгууллагад элсэхэд дэмжсэн.

- Монгол Улс АСЕМ, АРФ, ПЕКК-ийн гишүүн болох, АПЕК-ийн 4 ажлын хэсэгт ажиглагчаар элсэхэд дэмжлэг үзүүлэв.

- Монгол Улс  ERIA-д оролцоход, улмаар элсэхэд дэмжлэг үзүүлж байна.

Монгол Улсын Их Хурлаас 1994 онд баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд Монгол Улс Япон Улсыг Ази дахь гол түншийн нэг гэж үзэж, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлийн нэг гэж заасан. Түүнээс хойш Монгол Улсын Засгийн газар бүрийн мөрийн хөтөлбөрт энэ заалт баяжин тусгалаа олж ирлээ. Мөн  2011 онд шинэчлэгдэн батлагдсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Япон Улстай “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр заасан.

Японы тал 1996 онд Монгол, Японы харилцааг Иж бүрэн түншлэлийн хэмжээнд хөгжүүлэх санал дэвшүүлсэн бөгөөд Ерөнхий сайд М.Энхсайхан 1997 онд,  Ерөнхийлөгч Н.Багабанди 1998 онд Япон Улсад айлчлах үеэр талууд хоёр орны харилцааг Иж бүрэн түншлэлийн зарчмаар хөгжүүлэх тохиролцоонд хүрч, харилцаа хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг нийгмийн бүх салбарт эрчимтэй хөгжиж ирсэн. Энэ зарчим 1999, 2001 оны хоёр талын дээд, өндөр хэмжээний айлчлалуудын үеэр гаргасан Хамтарсан мэдэгдлүүдэд тусгалаа олсон.

2006 оны 3 дугаар сард Ерөнхий сайд М.Энхболд Япон Улсад айлчилж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж хөгжүүлэх асуудлыг тохиролцсон бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр 2007 оны 2 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийж, “Монгол, Японы үйл ажиллагааны 10 жилийн (2007-2017 он) Үндсэн хөтөлбөр”-т гарын үсэг зурсан. Ерөнхий сайд С.Баяр 2009 онд Японд айлчилж, иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, харилцааг цаашид стратегийн харилцаанд шилжүүлэх эхлэлийг тавих, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодотгох асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 оны 11 дүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийж Монгол Улс, Япон Улсын хооронд Стратегийн түншлэл хөгжүүлэх тухай  Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан.

Хамтарсан мэдэгдэл үндсэн 4  хэсгээс бүрдсэн. Үүнд:
а.  Өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээг идэвхжүүлэх,
б.  Эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх,
в.  Хүн солилцоо, соёлын харилцааг идэвхжүүлэх,
г.   Бүс нутаг, глобал  асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд Японы парламентын нэгдсэн чуулганд үг хэлэв. Энэ үг Японы олон нийтийн сэтгэлд хүрсэн бөгөөд одоо ч дурсан тэмдэглэсээр байдаг.

Энэ үеэс хойш Монгол, Японы харилцаа Стратегийн түншлэлийн зарчимд тулгуурлан эрчимтэй хөгжиж ирлээ. Дээд, өндөр түвшний айлчлалын давтамж өсч, харилцан ойлголцол, улс  төрийн итгэлцэл нэмэгдэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоод буцах замдаа Ерөнхий сайд Ш.Абэ-гийн гэрт зочилж,  2014, 2015 онд Япон Улсад тус тус ажлын айлчлал хийв. Ерөнхий сайд Ш.Абэ 2013, 2015, 2016 онд Монгол Улсад ажлын айлчлал мөн хийв. Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар нийтдээ 9 удаа дээд хэмжээнд уулзсан нь улс төрийн итгэмжилсэн харилцаа урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрснийг илтгэж байна.

Ш.Абэ Японы Ерөнхий сайдын албанд томилогдсон даруйдаа айлчилсан 3 дахь улс нь Монгол байв. Тэрээр Монгол Улсыг ЗХА дахь Япон Улсын чухал түнш гэж нэрлээд Япон, Монголын харилцааг Эрх чөлөө, ардчилал, Энх тайван, Харилцан туслах үзэл санааны дор эрчимжүүлж хөгжүүлэх “Эрч санаачилга”-ыг дэвшүүлэв.

2010 оноос хойш манай улсаас Ерөнхий сайд С.Батболд 2012 онд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 онд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 онд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 онд Япон Улсад тус тус айлчлав.

Ерөнхий сайд С.Батболд 2012 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийх үеэр хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэхээр тогтож, эдийн засгийн харилцааг бие биеэ нөхсөн, харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлэхийн чухлыг нотлов.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Япон Улсад айлчлах үеэр хоёр тал Стратегийн түншлэлийн Дунд хугацааны анхны Хөтөлбөр байгуулсан. 2013-2017 онд хэрэгжсэн уг хөтөлбөр нь 1.Улс төр, аюулгүй байдлын харилцаа 2.Эдийн засгийн хамтын ажиллагаа 3.Соёл,иргэд хоорондын харилцаа гэсэн 3 үндсэн хэсгээс бүрдэж байв.  

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны 7 дугаар сард Японд айлчлах үеэр хоёр тал ЕРА-г зарчмын хувьд тохиролцож, Ерөнхий сайд Ш.Абэ хоёр орны худалдааг нэмэгдүүлэхийн тулд Монголын экспортын барааны нэр төрлийг олшруулж, аж үйлдвэрийг төрөлжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Эрч дээр эрч нэмэх” санаачилгыг зарлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 5 дугаар сард Токио хотноо Никкэй сонины газраас зохион байгуулдаг “Азийн ирээдүй” форумд  оролцож, “Азийн форум” зохион байгуулах санаачилгыг зарлаж, Ш.Абэтай уулзав. 2016 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Азийн ирээдүй” форумд  оролцож илтгэл тавив.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 онд Япон Улсад айлчлах үеэр хоёр тал Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЕРА/-т гарын үсэг зурав. Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр /ЕРА/-г хүчин төгөлдөр болгохтой холбогдуулан хоёр улсын Гадаад хэргийн яам хооронд 2016 оны 5 сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо ноот бичиг  солилцов. Гадаад хэргийн дэд сайд С.Кихара 2016 оны 6 дугаар сарын 7-нд Монголд айлчилж Хамтарсан хорооны анхдугаар хурлыг японы талаас ахалж оролцов. Эдүгээ EPA хүчин төгөлдөр болж хэрэгжиж байна.

Ерөнхий сайд Ш.Абэ 2016 оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд Монгол Улсад 3 дахь удаагаа айлчилж, АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтад оролцов. Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдож, Ерөнхий сайд Ш.Абэ нар 9 дэхь удаагаа дээд хэмжээнд уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод бараалхаж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сард, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 10 дугаар сард тус тус Японд айлчлав. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын анхны гадаад улсад хийсэн тус айлчлалын үеэр “Монгол, Японы худалдаа, хөрөнгө оруулалтын форум” Токио хотноо зохион байгуулагдав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тангараг өргөх ёслолд Япон Улсын Ерөнхий сайдын Тусгай элч, парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши хүрэлцэн ирж оролцов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Япон Улсад хийх анхны айлчлалыг 2018 онд хэрэгжүүлэх товтой.      

1974 онд парламентын түвшинд харилцаа тогтоосноос хойш тогтмол харилцаж, төлөөлөгчид жил бүр шахам харилцан айлчилж байна. Японы парламентын  Зөвлөхүүдийн танхимын дарга Ю.Осада 1992 онд,Төлөөлөгчдийн танхимын дэд дарга К.Ватанабэ 1997 онд, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 онд тус тус манай улсад айлчилсан.

Монгол Улсын Их хурлын дарга Н.Багабанди 1994 онд, Р.Гончигдорж 1999 онд, С.Төмөр-Очир 2002, Д.Лүндээжанцан 2008 онд, Д.Дэмбэрэл 2011 онд, З.Энхболд 2015, 2016 онуудад, М.Энхболд 2017 онд тус тус Япон Улсад айлчлав.

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор Японы Газар тариалан, ой, усны аж ахуйн сайд Ш.Накагава, Батлан хамгаалахын сайд К.Нукага, Ерөнхий сайд асан Ё.Мори, Т.Кайфү, Ц.Хата, эрх баригч ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Такэбэ, мөн намын Ерөнхий зөвлөлийн дарга /намын 3 дугаар хүн/ Ф.Кюүма нар болон Парламентын 80 гаруй гишүүн  Монголд айлчилсан нь Японоос хамгийн олон парламентын гишүүн манай улсад айлчилсан тохиолдол болж байв. 2017 онд Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь  Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга Ш.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав.

Японы парламентын дээд танхимд Монголтой харилцдаг  бүлэг 1974 онд, дээд танхимд 1978 онд тус тус бий болсон. Доод танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны сайд асан М.Хаяши, зөвлөхөөр нь ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Нийгмийн хамгаалал, хөдөлмөр, эрүүл мэндийн сайд асан Я.Шиозаки нар тус тус ажиллаж байна. Дээд танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргаар тус танхимын дарга асан М.Ямазаки ажилладаг.

Манай УИХ-д Монгол, Японы бүлэг 1977 онд байгуулагдсан. Эдүгээ УИХ-ын 76 гишүүний 36 гишүүн нь тус бүлэгт гишүүнчлэлтэй бүлгийн даргаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ажиллаж байна.

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошимагийн урилгаар 2017 оны 3 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв. Тус айлчлалын үеэр Япон Улс манай улсад үүссэн санхүүгийн бэрхшээлийг даван туулахад зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ нотолж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн шинэ Дунд хугацааны хөтөлбөрийг (2017-2021) батлав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нар ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр 2017, 2018, 2019 онд уулзав.

Дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын удирдлага харилцан айлчилж,  Монгол Улсын УИХ-ын дарга М.Энхболд 2017 оны 3 дугаар сард Япон Улсад, Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима 2017 оны 7 дугаар сард Монгол Улсад тус тус албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 6 дугаар сард Япон Улсад айлчлав. Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дэд дарга А.Гүнжи тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сард Монгол Улсад айлчлав.

Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 5 дугаар сард “Никкэй” сонины газраас зохион байгуулсан “Азийн ирээдүй 2019” форумд оролцож, илтгэл тавив. Энэ үеэр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошиматай уулзав.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 12 дугаар сард Япон Улсад албан ёсны айлчлал хийв.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10 дугаар сард гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн хаан Нарүхито-г Эзэн Хааны сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцов.